Монголын Тусгай олимпын хорооноос тавдугаар сарын 21-23-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулсан “Боломжийг бүгдэд – Баруун бүс 2026” чуулган, спортын наадамд Голомт банкны хамт олон нэгдлээ. Энэ удаагийн төсөлд Увс, Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай аймгаас оюуны онцлогтой 160 орчим хүүхэд, тэдгээрийн асран хамгаалагч, аймаг сумдын төлөөлөгч мэргэжилтнүүд гээд 400 гаруй хүн баруун бүсэд чуулж, хүүхдүүд эрүүл мэндийн үзлэгт орж, мөн спортын төрлүүдээр нөхөрсгөөр өрсөлдсөн юм.
Голомт банк 2024 оноос уг төслийг дэмжин ажиллаж, 2026 онд төслийн дараагийн үе шатыг зохион байгуулахад хувь нэмрээ орууллаа. Энэ жилийн тухайд Голомт банкны Ховд, Баян-Өлгий, Увс салбар болон Улаанбаатар хотын төвийн нэгжээс бүрдсэн 40 орчим сайн дурын ажилтан маань оюуны онцлогтой багачуудын тэмцээний үеэр тэдэнд дэмжлэг үзүүлэн урамшуулж, хамтдаа цагийг өнгөрөөсөн. Мөн хүүхдүүдийг эмчийн үзлэгт хамруулах, асрах, шаардлагатай зүйлсэд нь туслах, тэмцээн уралдааны шүүлтэд дэмжлэг үзүүлэхэд сайн дурынхны үүрэг оролцоо их байлаа.

Голомт банкны ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга З.Солонго
Голомт банк тогтвортой хөгжил, нийгмийн сайн сайхны төлөө бодит хувь нэмэр оруулахыг үйл ажиллагааныхаа чухал чиглэл болгон ажилладаг. Бидний хувьд зөвхөн банк санхүүгийн үйлчилгээ үзүүлэхээс гадна нийгэм, байгаль орчинд эерэг нөлөө бүхий төсөл, санаачилгуудыг урт хугацаанд тууштай дэмжихийг зорьдог.
Тэгш байдал, нийгмийн хүртээмжтэй байдал бол нийтийн хөгжилд хамгийн чухал. Энэ ч үүднээс хүн бүрд тэгш боломж бүрдүүлэх нь бидний үнэт зүйлсийн нэг учраас Монголын Тусгай Олимпын хороо, Улаанбаатар Ротари клубтэй хамтран хэрэгжүүлж буй “Боломжийг бүгдэд” төслийг бид 2026 онд үргэлжлүүлэн дэмжиж байна. Энэхүү санаачилга нь оюуны онцлогтой хүүхэд, залуусыг нийгмийн оролцоонд идэвхтэй хамруулах, спортын үйл ажиллагаагаар дамжуулан тэдний хөгжил, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэдэг.
Банкны хамт олон маань энэхүү үйл ажиллагааны спортын уралдаан тэмцээн, эрүүл мэндийн үзлэгийн үеэр мөн сайн дураар ажиллаж, нийгмийн оролцоогоо нэмэгдүүлэхдээ бахархалтай байдаг.

Голомт банкны Иргэдийн банкны газрын Орон нутгийн салбар хариуцсан хэлтсийн захирал А.Мөнх-Оргил
Голомт банкны хувьд нийгмийн хариуцлага, тогтвортой үнэ цэнэ бий болгох нь урт хугацааны стратегийн салшгүй хэсэг байдаг. Өнгөрсөн хугацаанд Голомт банк хариуцлагатай банкны зарчим, хүртээмжтэй өсөлт, хамт олны сайн сайхныг дэмжих нийгэм, байгаль орчны олон талт санаачилгуудыг тууштай хэрэгжүүлсээр ирсэн. Тодруулбал, бид тогтвортой хөгжилд чиглэсэн зорилтуудад хүрэхийн тулд өөрийн хувь нэмрээ оруулж, нийгэмд ээлтэй төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажилладаг бөгөөд өнгөрсөн хугацаанд боловсрол, эрүүл мэнд, түүх, соёлын өвийг хамгаалах, соёл урлагийг дэмжих чиглэлээр олон төсөл хөтөлбөрийг дэмжиж, сайн сайхан үр дүнд хүрэх ажлуудыг санхүүжүүлсээр байна.
Тэгш, хүртээмжтэй орчныг бүрдүүлэхэд олон асуудал орон нутагт тулгардаг бөгөөд оюуны онцлогтой хүүхдүүдийг нийгмийн үйл ажиллагаанд хамруулах, тэдний хөгжлийг дэмжих үйлсэд Голомт банкны хамт олон бид өөрсдийн хувь нэмрээ оруулж, “Боломжийг бүгдэд” хүргэх энэхүү үйлсэд анх 2024 онд нэгдэж, Хангайн бүсийн арга хэмжээнд оролцсон. Тухайн үед Голомт банкны хамт олон Өвөрхангай салбарын ажилтнуудын төлөөлөл оролцож байлаа.
Бид хоёр дахь удаадаа энэхүү төсөлд хамтран оролцож, энэ удаа Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн салбарууд нэгдсэн. Төслөөр дамжуулан энэ төслийн үр дүнг хүртэх хүүхэд, багачууд, тэдний эцэг эх, асран хамгаалагчдын цар хүрээг нэмэх боломжийг бий болгож, нийгэмд эдгээр хүмүүсийн дуу хоолойг спортоор дамжуулан хүргэж байгаадаа баяртай байна.
Энэхүү үйл ажиллагааны зорилго
Оюуны онцгой хөгжилтэй хүүхэд, залуучууд болон насанд хүрэгчдийг спортоор дамжуулан нийгэмшүүлэх, тэдний боловсрол, эрүүл мэндийг дэмжих, нийгмийн бүх төрлийн үйлчилгээнд тэгш хамруулах, эрхийг нь хангах, орон нутгийн удирдлага, иргэд, холбогдох байгууллагуудад мэдээлэл өгөх, хүртээмжтэй, тэгш оролцоотой бодлого, нөхцөлийг бүрдүүлэх, нөлөөллийн ажлыг өргөн хүрээтэй нэвтрүүлэх зорилготой.
Монголын тусгай олимпын хорооны тухай
Монголын Тусгай олимпын хороо 2013 онд үүсгэн байгуулагдаж, олон улсын Тусгай олимпийн хөдөлгөөнд нэгдэн орсон. Энэ хугацаанд нийт 2,000 гаруй тамирчин, 80 дасгалжуулагч багш, 300 орчим сайн дурын ажилтан, эмч мэргэжилтэн, 1,500 гаруй эцэг, эхийн төлөөллийг эгнээндээ багтаан үйл ажиллагаагаа явуулж байна.
Сайн сайхныг санхүүжүүлнэ