Дэлхийн банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч Euromoney сэтгүүлээс жил бүр зохион байгуулдаг “Euromoney Awards for Excellence” шагнал гардуулах ёслол болж, Голомт банкийг 2026 оны Монгол Улсын “Шилдэг Банк”, “Шилдэг ЖДБ Дэмжигч Банк”, “Шилдэг Тогтвортой Санхүүжилтийг Дэмжигч Банк” болон “Шилдэг Дижитал Банк” гэсэн дөрвөн төрөлд шилдгээр шалгарууллаа.
Awards for Excellence нь бүтээгдэхүүн үйлчилгээ, гүйцэтгэл, инновац, нөлөөллийн хувьд дэлхийд жишиг тогтоож буй шилдэг санхүүгийн байгууллагуудыг тодруулдаг уламжлалтай бөгөөд дэлхийн 100 гаруй улс орны банк, санхүүгийн байгууллагууд оролцдог томоохон арга хэмжээ юм.
Голомт банк Дэлхийн жишиг Монголын банк болох алсын хараан дор эрхэм харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд тулгуурлан байгаль дэлхийд ээлтэй, орчин үеийн, дэвшилтэт технологи, инновацад суурилсан санхүүгийн цогц үйлчилгээг орон даяарх 100 гаруй салбар нэгжээрээ дамжуулан өндөр түвшинд хүргэн ажилладаг. Мөн олон улсын хөрөнгийн зах зээл дэх Монгол Улсын оролцоог улам бэхжүүлж, 2026 оны тавдугаар сард олон улсын зах зээлд 500 сая ам.долларын бондыг амжилттай гаргасан.
“Усны элч банк” Голомт банк Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17-р бага хуралд (COP17) чухал үүрэгтэй оролцсон билээ. Тухайлбал, Монгол Улсын хэмжээнд усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглахад чиглэсэн “Цэнхэр бонд гаргах удирдамж”-ийг боловсруулан гаргаж, Монголын Байгалийн Өв Сантай хамтран Монгол орны тусгай хамгаалалттай, дархан цаазат газруудыг хамгаалах зорилгоор Nature виртуал картыг шинээр нэвтрүүлсэн. Мөн харилцагчдаа ногоон шилжилт хийхийг уриалан ногоон болон цэнхэр зээлийн бүтээгдэхүүнүүдийг санал болгож байгаа бөгөөд Голомт банк 2030 он гэхэд ногоон зээлийн багцаа нийт зээлийн багцын 10 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна.
Түүнчлэн банк жижиг, дунд бизнес эрхлэгчид, тэр дундаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах, бизнесийн үйл ажиллагааг нь дараагийн шатанд гаргахад санхүүжилт олгох, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, сургалт хөтөлбөрт хамруулах зэргээр тууштай дэмжсээр ирсэн. Үүний хүрээнд Голомт банк “FinDev Canada” Канадын хөгжлийн санхүүгийн байгууллагатай хамтын ажиллагаагаа эхлүүлж, жижиг, дунд бизнесүүдийг дэмжих, бизнес эрхлэгч эмэгтэйчүүд болон эмэгтэй удирдлагатай аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зориулалттай 50 сая ам.долларын санхүүжилтийг татаад байна. Ийнхүү 2026 оны эхний хагас жилийн байдлаар Голомт банкны нийт зээлийн багцын 28 хувийг жижиг, дунд бизнесийг дэмжих зээл эзэлж, тогтвортойгоор өссөн үзүүлэлттэй байна.
Дижитал банкны үйлчилгээгээр тэргүүлэгч Голомт банк мэдээллийн технологи, инновацад тулгуурлан харилцагчдынхаа цаг хугацаа, зардлыг хэмнэх, сэтгэл ханамжийг нь нэмэгдүүлэх бүтээгдэхүүн үйлчилгээ, бизнесийн загварыг Монголын банкны салбарт анхлан нэвтрүүлдэг. Эдгээр нь Монгол Улсын төр болон бизнесийн салбарт ч түлхэц өгч, шилдэг туршлага, жишиг болсоор байна. Тухайлбал, БНХАУ-ын олон улсын юанийн төлбөр тооцооны CIPS систем, Монголын хамгийн анхны “wearable” карт буюу зайнаас унших технологи бүхий Skate карт, Universe картууд, Google Pay дижитал хэтэвч, мөн SocialPay ашиглан WeChat QR кодыг уншуулах төлбөрийн шийдэл зэргийг тус тус амжилттай нэвтрүүлээд байна. Түүнчлэн дижитал банкны үйлчилгээ болох egolomt.mn болон Smart Bank аппликэйшнд системийн бүрэн шинэчлэл хийж, хэрэглээнд нэвтрүүллээ.
Бид банк, санхүүгийн салбартаа тэргүүлэгч байж, улс эх орны хөгжлийн хурдасгуур болсон томоохон төслүүдийг бодитоор хэрэгжихэд хувь нэмрээ оруулж, жижиг, дунд бизнесүүдээ дэмжин байгальд ээлтэй үйл ажиллагаагаа тууштай үргэлжлүүлэх болно. Голомт банктай үргэлж хамт байдаг эрхэм харилцагчид, хамтрагч байгууллагууд, хамт олон та бүхэндээ баярлалаа.
Дэлхийн жишиг Монголын банк
