Эдийн засгийн гол хүч болсон уул уурхайн салбарын хөгжлийг дэмжих зорилготой “Алтны форум” арга хэмжээг Голомт банк 7 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн “Алтны форум” арга хэмжээнд Монгол Улсын алт олборлогч ТОП аж ахуйн нэгж, уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгч байгууллагын нийт 300 гаруй төлөөлөл оролцож, уул уурхайн салбар, тэр дундаа алтны зах зээлийн орчинд гарсан өөрчлөлт, түүнд нөлөөлсөн хүчин зүйлийн талаар хэлэлцэж, ирээдүйн төлөв байдлыг тодорхойллоо.
Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар:
Дэлхий дахинд тогтворгүй нөхцөл байдал үүссэн энэ цаг үед алтны үнэ цэн тогтвортой өсөж, улс орнууд нөөцөө зузаатган, алт руу хөрөнгө оруулах хувь хүмүүсийн тоо ч нэмэгдээд байна. Монгол Улсын хувьд ч эдийн засгийн гол салбарууд нь гадаад зах зээлээс шууд хамааралтай байдаг тул жил бүр ийнхүү дэлхийн зах зээлийн сорилтуудтай нүүр тулдаг билээ.
Харин “Алтны форум”-ын хувьд Монгол Улсын эдийн засгийн нөөцийг бүрдүүлэхэд чухал оролцоотой алтны салбарын төлөөллийг нэг дор цуглуулж, тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэх боломжийг олгодог цорын ганц мэргэжлийн талбар болоод байна.
Арга хэмжээний үеэр эдийн засаг хийгээд зах зээлийн нөхцөл байдал, тур дундаа алтны салбарт нөлөөлөх алт арилжаа болон алт олборлолт, шатахууны үнийн өөрчлөлтийн талаар олон улсын шинэ мэдээ, судалгааг мэргэжилтнүүд зочдод хүргэсэн юм. Мөн энэ жилийн хэлэлцүүлгийг “Уул уурхайн салбарын санхүүжилт: Боломж, эрсдэл, бодлогын уялдаа” сэдвээр өрнүүлж, модератороор Эрдэнэ Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Билгүүн, панелистаар Эрдэс Баялаг, Аж Үйлдвэрийн Яамны Уул уурхайн бодлогын газрын дарга Г.Намчинсүрэн, Сангийн дэд сайд Б.Хулан, Монгол банкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Монгол Улсын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа болон Хан Алтай Ресурс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Батпүрэв нар оролцлоо.
Арга хэмжээнээс онцлох бас нэгэн үйл ажиллагаа нь хүнд даацын машин механизм, тоног төхөөрөмж нийлүүлэгч, худалдаалагч байгууллагуудын нээлттэй бүүтүүд ажилласан үзэсгэлэнгийн хэсэг байлаа. Энэхүү үйл ажиллагаа нь оролцогч, зочдод шинэ тоног төхөөрөмжүүдтэй газар дээр нь танилцан, мэдээлэл солилцож, хамтын ажиллагаа эхлүүлэх боломжийг олгосон юм.
Голомт банк 2025 онд алтны салбарт нийт 450 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг амжилттай олгосноос гадна алтны салбарт үйл ажиллагаа эрхэлж буй харилцагч, бизнесүүдэд тохиромжтой санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож, мэргэжлийн зөвлөх үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.
Сайн сайхныг санхүүжүүлнэ