Голомт банк БНХАУ-ын Ардын банкны урилгаар 2026 оны 1-р сарын 29-ний өдөр Шанхай хотноо 10 дахь удаагаа зохион байгуулагдсан Монгол – Хятадын банк, санхүүгийн салбарын дугуй ширээний уулзалтад амжилттай оролцлоо. Тус арга хэмжээний үеэр Голомт банк Монгол – Хятадын санхүүгийн хамтын ажиллагааны бодит ахиц, Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд руу чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар илтгэл танилцуулж, төлбөр тооцоо болон хөрөнгө оруулалтын талаарх үндсэн сэдвүүдэд идэвхтэй байр сууриа илэрхийлсэн юм. Голомт банкны танилцуулгаас дурдахад:
CIPS системийн шууд оролцогч болсон стратегийн ач холбогдол
2025 оны 9-р сарын 1-ний өдөр Голомт банк олон улсын юанийн төлбөр тооцооны систем болох CIPS (Cross-Border Interbank Payment System)-ийн шууд оролцогч банк болж, системийг амжилттай нэвтрүүлсэн нь хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын урсгалыг хурдасгах чухал дэд бүтцийг бий болголоо. CIPS системийг нэвтрүүлснээр юанийн төлбөр тооцоо бодит хугацаанд илүү богино шат дамжлагаар хийгдэх боломж бүрдсэнээр гадаад гүйлгээний хурд, найдвартай байдал сайжирч, зардал буурсан юм.
Хөрөнгийн зах зээлд шинэ хамтын ажиллаагааг эхлүүлэв
Голомт банк 2024 оноос эхлэн Хятадын Тариалангийн банкаар (Agricultural Bank of China) дамжуулан Хятадын үнэт цаасны зах зээл болох China Interbank Bond Market (CIBM)-д хөрөнгө оруулж, өөрийн хөрөнгийн багцыг олон улсын хэмжээнд төрөлжүүлэх бодлогыг амжилттай хэрэгжүүлж байна. Монголбанк болон БНХАУ-ын Ардын банкнууд дээрх санаачилгыг өндрөөр үнэлж буйгаа дугуй ширээний уулзалтын үеэр онцлон тэмдэглэсэн юм.

Мөн CIPS системийн кастодиан банкаар хамтран ажиллаж буй Хятадын Тариалангийн банкны Олон улсын санхүүгийн байгууллага хариуцсан захирал, хатагтай Хоу Сиао “Хятадын Тариалангийн банк нь 2003 онд Монгол Улсаас анхлан Голомт банктай корреспондент харилцаа, Хятад Монголын Банк санхүүгийн хамтын ажиллагааг эхлүүлж байсан бөгөөд үүнээс хойших 23 жилийн хугацаанд тогтвортой, үр өгөөжтэй хамтран ажилласаар ирсэн. Өнгөрсөн онд бид Голомт банктай хамтран хил дамнасан юанийн төлбөр тооцооны үндсэн клирингийн системийг амжилттай хэрэгжүүлсэн нь хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг бодитоор сайжруулах чухал үйл явдал боллоо.” хэмээн онцоллоо.
Голомт банк дижитал төлбөр тооцоо, хил дамнасан юанийн дэд бүтэц, кастодиан банкны үйлчилгээ, корреспондент харилцаа, гадаад худалдааны санхүүжилт, хөрөнгийн зах зээлийн хамтын ажиллагаа зэрэг олон талт чиглэлд Хятадын тэргүүлэгч 20 гаруй банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж, Монгол – Хятадын санхүүгийн харилцаанд бодит хувь нэмэр оруулсаар байна.
Дэлхийн жишиг Монголын банк
