JICA олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлдэг жижиг, дунд бизнесийг дэмжих, байгаль орчныг хамгаалах зорилготой “SME Day-2025” арга хэмжээнд Голомт банк хоёр дахь жилдээ амжилттай оролцлоо.
Арга хэмжээний үеэр JICA-аас 20 гаруй жилийн хугацаанд хэрэгжүүлж буй “Хоёр үе шаттай зээлийн төсөл”-ийн үр дүнг танилцуулж, эрх бүхий байгууллага, арилжааны банкны төлөөллүүд болон бизнес эрхлэгчдийг төлөөлсөн 150 гаруй зочин оролцогчид хамтран жижиг, дунд бизнесийн орчин болон банкны салбарт чиглэсэн хамтын ажиллагааг сайжруулах талаар санал солилцсон юм.
Арга хэмжээний зургийг хажуу тийш гүйлгэж үзнэ үү.
Голомт банк JICA төслийн зээлийг Монгол Улсад хүртээмжтэй олгодог банкны хувьд энэ удаагийн арга хэмжээнд оролцон бизнес эрхлэгчдэд зориулсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулахын зэрэгцээ Голомт банкны Жижиг, дунд банкны газрын захирал Ц.Байгалмаа “Хөгжлийг тэтгэгч хүч: Банкнуудын үүрэг оролцоо” сэдэвт хэлэлцүүлэгт панелистаар оролцож, бизнес эрхлэгчдийг дэмжих талаар өөрийн бодлоо хуваалцлаа.
Жижиг, дунд банкны газрын захирал Ц.Байгалмаа:
Манай банкны хувьд гадаад, дотоодын нийт 40 гаруй төрлийн хөнгөлөлттэй зээлийн төсөлд оролцож, байгаль орчин, нийгэмд ээлтэй бизнесийг дэмжих, үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр зорин ажиллаж байна. Харин JICA төслийн зээлийн хамгийн онцлог зүйл нь хамтын ажиллагаа, оролцоо гэж хардаг. Арилжааны банкнуудын хувьд төслийн зээлийг санал болгох, тохиромжтой бизнес эрхлэгчдийг хайж олох, зээлийн эрсдэлийг оновчтой удирдах үүргийг хүлээдэг бол, зээлдэгч нар маань хариуцлагатай төлөлт хийх, үүгээрээ дамжуулан дараа дараагийн бизнесүүдэд энэ боломжийг олгох гүүр болон харилцан итгэж, маш сайн хамтран ажиллаж байна. Ийм ч учраас энэ төслийн зээлийг авсан харилцагчдаас маань чанаргүй зээлдэгч бараг гараагүй гэж хэлж болно.
“Хоёр үе шаттай зээлийн төсөл”-ийн хүрээнд өнөөдрийн байдлаар Монгол Улсын 1050 аж ахуйн нэгж, иргэдэд нийт 382 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна. Энэ хугацаанд төсөлд хамрагдсан аж ахуйн нэгжүүд нийт 27,466 ажлын байрыг хадгалж, шинээр бий болгосон үр дүнгээс энэхүү санхүүжилт нь эдийн засгийн идэвхийг нэмэгдүүлж, шинэ ажлын байрыг бий болгоход бодитой хувь нэмэр оруулж буйг харж болно.