Гүйцэтгэх удирдлагын байр суурь

Гүйцэтгэх удирдлагын байр суурь

Гүйцэтгэх захирлын захидал

CEO ЗАХИДАЛ ЗУРАГ

Эрхэм хүндэт хувьцаа эзэмшигчид ээ,

Өнгөрөн улирч буй энэхүү жилийг эргэн харахад Голомт Банкны хувьд тасралтгүй ахиц  дэвшил гаргасаар байгаад би чин сэтгэлээсээ бахархаж байна. 2025 онд манай банк үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ой тохиож, энэ нь бидний түүхэн замналыг бататгаад зогсохгүй, 2025 оны туршид бидний харуулсан тогтвортой байдал, тууштай ахиц дэвшлийг тодотгосон онцгой ач холбогдолтой жил байлаа.
Хувьцаа эзэмшигчдэд хандсан хоёр дахь удаагийн энэхүү жилийн захидлаараа би үйл ажиллагаа, стратегийн тэргүүлэх чиглэлүүд, мөн Монголын эдийн засаг, банкны салбар болон Голомт Банкийн хөгжилд нөлөөлж буй гол өөрчлөлтүүдийн талаар ил тод, нээлттэй мэдээлэл хүргэх амлалтаа үргэлжлүүлж байна.
Манай зорилго өөрчлөгдөөгүй-олон улсын жишигт нийцсэн банк болох замналаа үргэлжлүүлж, ирээдүйн талаарх тодорхой, уялдаа холбоотой алсын харааг танилцуулах явдал юм. Энэхүү захидал нь бидний сонгосон чиглэлд итгэх итгэл, цаашдын боломжуудын талаархи миний өөдрөг хандлагыг илэрхийлнэ гэдэгт итгэж байна.
Энэхүү захидалд бидний өнөөгийн байдал, цаашдын стратегийг тодорхойлох дараах гурван гол чиглэлийг онцлон авч үзлээ. Үүнд:

  • Макро эдийн засгийн орчны өөрчлөлт болон түүний Монголын банкны салбарт үзүүлэх нөлөө;
  • Голомт Банкийн гүйцэтгэл, стратегийн тэргүүлэх зорилтуудын хэрэгжилтийн ахиц;
  • 2026 он болон түүнээс цаашдын стратегийн төвлөрөл

Манай зорилго тодорхой хэвээр байна. Бид Монгол Улсын урт хугацааны эдийн засгийн хөгжлийг дэмжих, тогтвортой, инновацад суурилсан, олон улсад холбогдсон санхүүгийн байгууллагыг цогцлоон бүтээж байна.

  • Макро-эдийн засгийн орчин: Өөрчлөлт, сорилтын жил

    2024 он дотоодын эрэлт өндөр, зээлийн огцом өсөлтөөр тодорхойлогдож байсан бол 2025 он Монгол Улсын эдийн засгийн хувьд илүү тогтворгүй, савлагаатай орчинд өрнөлөө.

    Энэ хугацаанд гадаад орчны хүчин зүйлүүд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн. БНХАУ ын үл хөдлөх хөрөнгийн салбарын идэвх саарснаар бүс нутгийн хэмжээнд аж үйлдвэрийн эрэлт буурах хандлага ажиглагдсан бөгөөд зэрэгцэн томоохон эдийн засагтай орнуудын худалдааны зөрчил, гаалийн тарифын бодлого нь түүхий эдийн зах зээлд савлагааг нэмэгдүүлэв. Монгол Улсын эдийн засаг түүхий эдийн экспортод өндөр хамааралтай байдаг тул 2025 оны эхний хагаст нүүрсний үнийн бууралт экспортын орлогод мэдэгдэхүйц дарамт үзүүлж, уул уурхайтай холбоотой салбаруудад дам нөлөө үзүүллээ.

    Гэсэн хэдий ч Монгол Улсын эдийн засгийн суурь үзүүлэлтүүд харьцангуй тогтвортой хэвээр байв. Нүүрсний үнэ тогтворжиж, экспортын хэмжээ нэмэгдэн 89.7 сая тоннд хүрч, түүхэн дээд түвшинд хүрснээр гадаад худалдааны тэнцэл 5.9 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Түүнчлэн Оюу Толгойн далд уурхайн олборлолт эрчимжиж, зэсийн үйлдвэрлэл бодитоор өссөн нь уул уурхайн салбарын өсөлтийг дэмжиж, Монгол Улсын гадаад эдийн засгийн байдлыг улам бэхжүүлэв.

    Хөдөө аж ахуйн салбар ч мөн эдийн засгийн тэсвэр даах чадварын чухал эх үүсвэр болж гарч ирлээ. Цаг агаарын таатай нөхцөл болон өмнөх оны хүнд зудын дараах сэргэлт нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, нийт эдийн засгийн саарлыг тодорхой хэмжээнд нөхөх боломж олгов.

    Гадаад орчны дарамтууд төгрөгийн ханш болон төлбөрийн тэнцэлд мөн тусгалаа олсон. 2025 оны эхний хагаст экспортын орлого сулрахын зэрэгцээ төлбөрийн тэнцлийн алдагдал тэлж, төгрөгийн ханш дарамтад орсон. Харин жилийн хоёрдугаар хагаст хэд хэдэн эерэг хүчин зүйлс бүрдсэнээр нөхцөл байдал сайжирсан. Үүнд:

    • Олон улсын зах зээлээс бонд гаргаснаар гадаад валютын урсгал нэмэгдэж, зах зээлийн хөрвөх чадвар сайжирсан;

    • БНХАУ ын дотоодын гангийн илүүдэл үйлдвэрлэлийг бууруулах бодлогын өөрчлөлттэй уялдан оны төгсгөлд нүүрсний хил дээрх үнэ өссөн зэрэг багтана.

    Гэсэн хэдий ч худалдааны орчин гадаад хүчин зүйлсээс өндөр хамааралтай хэвээр байгаа нь Монгол Улсын экспортод суурилсан эдийн засгийн бүтцийн эмзэг байдлыг тодорхой харуулсаар байна.

    Нүүрстэй холбоотой төсвийн орлого буурснаар улсын санхүүгийн байдалд ч тодорхой нөлөө үзүүлэв. Уул уурхайн салбараас төвлөрөх орлогын суурь хумигдсаныг зохицуулах үүднээс Засгийн газар төсвийн зардлыг танах бодлого хэрэгжүүлж, 2025 оны төсвийн алдагдал ойролцоогоор ₮1.4 их наяд байхаар тооцогдож байна.

    Цаашид төсвийн бодлого илүү сахилга баттай үргэлжлэх хүлээлттэй байна. 2026 оны улсын төсвийг ₮33 их наяд төгрөгөөр батлахаар төлөвлөж байгаа нь өмнөх таван жилд жилд дунджаар бараг 30 хувиар тэлж байсан зардлын огцом өсөлттэй харьцуулахад харьцангуй тогтвортой өсөлт юм. Энэхүү хандлага нь инфляцийг тогтворжуулах, макро эдийн засгийн орчныг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүлээлттэй байна.

    2025 оны туршид инфляц эдийн засгийн тулгамдсан сорилт хэвээр байв. Үнийн өсөлт Монголбанкны зорилтот түвшин болох 6 хувь ±2 нэгж хувиас тогтмол давсан хэвээр байсан бөгөөд махны үйлдвэрлэл буурах, төрийн зохицуулалттай зарим үйлчилгээний тарифын өөрчлөлт зэрэг нийлүүлэлтийн хүчин зүйлс инфляцийг тогтвортой өндөр түвшинд хадгалахад нөлөөлөв.

    Үүний хариуд Монголбанк мөнгөний бодлогоо чангаруулж, 2025 оны гуравдугаар сард бодлогын хүүг 12 хувь хүртэл нэмэгдүүлэн, оны туршид уг түвшинд хадгалсан. Үүний үр дүнд мөнгөний нийлүүлэлт, хадгаламж, зээлийн өсөлт 2024 оны огцом тэлэлттэй харьцуулахад мэдэгдэхүйц саарсан.

    Энэхүү хатуу мөнгөний бодлого банкны салбарт шууд нөлөөлсөн. Өмнөх мөчлөгт 35 хувиас давж байсан зээлийн өсөлт 2025 онд 18.9 хувь болж саарсан ч банкны салбарын нийт зээлийн үлдэгдэл ₮44 их наяд хүрч, 2023 оны ₮27.4 их наядтай харьцуулахад бодит өсөлт үргэлжиллээ.

    Зээлийн багцад хэрэглээний зээл ₮26 их наяд төгрөгөөр хамгийн том хувийг эзэлсэн бол аж ахуйн нэгжийн зээл ₮17.2 их наяд төгрөгт хүрч өсөв. Өрхийн зээлийн өсөлттэй холбоотойгоор эрсдэл нэмэгдэх шинж ажиглагдаж, анхааралтай хянах шаардлагатай зээлийн хэмжээ 41.3 хувиар өсөж ₮700 тэрбум, хувь хүний чанаргүй зээл 58.5 хувиар нэмэгдэн ₮925 тэрбум д хүрсэн байна. Гэсэн хэдий ч зээлийн нийт өсөлт үргэлжилснээр салбарын НӨЗ ийн харьцаа ойролцоогоор 5.1 хувьд тогтвортой хадгалагдсан.

    Эерэг тал нь аж ахуйн нэгжийн зарим салбаруудад активын чанар сайжирсан явдал байлаа. Барилга, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбаруудад чанаргүй зээлийн харьцаа буурч, үйл ажиллагааны үзүүлэлт болон зээлийн сахилга бат сайжирсныг харуулсан. Эдгээр ахиц дэвшил нь 2025 онд Moody’s, S&P Global Ratings, Fitch Ratings агентлагуудын зүгээс гаргасан эерэг үнэлгээ, хэтийн төлөвийн сайжруулалтад тусгагдаж, Монгол Улсын зээлжих зэрэглэл болон банкны салбарын тогтвортой байдалд итгэх итгэлийг дэмжив.

    2026 оны макро зохистой бодлогын арга хэмжээ

    Өрхийн өрийн дарамт нэмэгдэх хандлагад хариу барьж, санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалах зорилгоор Монголбанк 2026 оны эхнээс нэмэлт макро зохистой бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхлээд байна. Үүнд хэрэглээний зээлд тавих өр орлогын харьцааг 45 хувьд дахин тогтоох, мөн банкны салбарын хөрвөх чадварыг хязгаарлах зорилгоор заавал байлгах нөөцийн харьцааг нэмэгдүүлэх шийдвэрүүд багтсан. Эдгээр алхмууд нь зээлийн хэт өсөлтөөс үүдэх системийн эрсдэлийг бууруулж, урт хугацаанд санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэж байна.

  • Тасралтгүй ахиц дэвшил, өсөлтийн эерэг төлөв

    Олон улсын хөрөнгийн зах зээл дэх байр суурь, санхүүжилтийн суурийг бэхжүүлсэн нь

    Хөрөнгө оруулагчидтай тогтвортой итгэлцэл үүсгэх нь Голомт банкны урт хугацааны амжилтын үндэс хэвээр байна. 2025 онд бид ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ХАРИЛЦАА-ны үйл ажиллагаагаа олон улсын шилдэг туршлагад нийцүүлэн сайжруулж стратегийн гол чиглэлийг илэрхийлсэн, хүртээмжтэй, ил тод мэдээлэл, тогтвортой харилцаагаар дамжуулан хөрөнгө оруулагчдын итгэлийг улам бэхжүүллээ. Үүний зэрэгцээ Сингапур, Нью‑Йорк, Лондон, Хонгконг зэрэг санхүүгийн төвүүдэд зохион байгуулсан уулзалтуудаар дамжуулан олон улсын хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчдын баазыг өргөтгөн төрөлжүүлэв.

    Энэхүү итгэлцэлд тулгуурлан бид олон улсын хөрөнгийн зах зээлд байр сууриа бодитоор ахиулсан. Люксембургийн хөрөнгийн биржид 5 жилийн хугацаатай, 8 хувийн өгөөжтэй Монголын анхны ногоон болон нийгмийн бондыг амжилттай гаргаснаар тогтвортой санхүүжилтийн манлайллаа бататгасан бол Япон Улсад ¥15 тэрбум иен буюу ойролцоогоор $100 сая ам.долларын хэмжээтэй, 3 жилийн хугацаатай, 1.85 хувийн өгөөжтэй Монголын хувийн хэвшлийн анхны Самурай бондыг амжилттай гаргаснаар Голомт банк болон Монгол Улсын санхүүгийн салбарт итгэх олон улсын итгэлийг шинэ түвшинд хүргэлээ.

    Мөн IFC, EBRD зэрэг олон улсын хөгжлийн санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, бичил, жижиг бизнес болон ногоон, тогтвортой төслүүдийг дэмжих санхүүжилтийг өргөжүүлсэн нь санхүүжилтийн суурийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан. Үүний үр дүнд жилийн эцсээрх нийт хадгаламж, санхүүжилтийн хэмжээ 23 хувиар өсөж ₮17.2 их наяд төгрөгт хүрснээр банкны санхүүгийн тогтвортой байдал улам баталгаажлаа.

    Эрсдлийн оновчтой удирдлагын үндсэн дээр өндөр санхүүгийн үр дүнд хүрсэн нь 2025 оны үр дүн нь манай үндсэн бизнесийн бат бөх суурь, мөн эрсдэлийн удирдлагад урт хугацаанд тууштай, сахилга баттай хандаж ирсний бодит үр өгөөжийг тодорхой харуулж байна.

    Нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оноос 23 хувиар өсөж ₮19.2 их наяд төгрөгт хүрсэн нь банкны салбарын нийт хөрөнгийн ойролцоогоор 22.3 хувийг бүрдүүлж байна. Зээлийн багц ₮8.3 их наяд төгрөгт хүрч, жилийн 11 хувийн өсөлт үзүүлсэн бөгөөд энэ өсөлт нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой жижиг, дунд бизнесийн сегментэд тууштай анхаарч ажилласны үр дүн юм.

    Сүүлийн жилүүдэд эрсдэлийн засаглалын тогтолцоог системтэйгээр бэхжүүлж, зээлийн шалгуур стандартыг үе шаттайгаар сайжруулсны үр нөлөө активын чанарт тод тусгалaa олж эхэллээ. Чанаргүй зээлийн харьцаа 2.5 хувьд хүрч буурсан нь банкны салбарын хамгийн доод түвшинд тооцогдож байна. Үүний зэрэгцээ чанаргүй зээлийн эрсдэлийн сангийн хүрэлцээ 101.7 хувьтай хадгалагдаж, балансын тогтвортой байдлыг баталгаажууллаа. IFRS стандартын дагуу 3-р шатны чанаргүй зээлийн харьцаа 2024 оны 4.4 хувиас 2025 онд 3.28 хувь болж буурсан бөгөөд нийт 3-р шатны зээлийг 20 хувиар багасгасан нь үүнд чухал нөлөө үзүүлсэн. Эдгээр үзүүлэлт нь зээлийн бодлогын сахилга бат, багцын идэвхтэй удирдлагын үр нөлөөтэй арга хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүлсний илрэл бөгөөд банкны эрсдэлийн төлөв, урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг улам бэхжүүлж байна.

    Балансын тогтвортой өсөлт, активын чанарын мэдэгдэхүйц сайжрал нь ашигт ажиллагаанд эерэгээр нөлөөлж, Голомт банк 2025 онд ₮330.4 тэрбум төгрөгийн цэвэр ашиг оллоо. Ингэснээр дундаж өөрийн хөрөнгийн өгөөж 23.8 хувь, нийт хөрөнгийн өгөөж 2.3 хувьд хүрсэн бол орлого-зардлын харьцааг 47.2 хувьд хадгалан, үйл ажиллагааны үр ашгийг тууштай сайжруулж буйгаа нотолсон үзүүлэлт боллоо.

    Мөн уг хугацаанд нийт өөрийн хөрөнгө 18 хувиар өсөж, ₮1.7 их наяд төгрөгт хүрсэн нь банкны капиталын суурийг улам бэхжүүлж, ирээдүйн өсөлтийг тогтвортой дэмжих санхүүгийн чадавхыг нэмэгдүүлсэн чухал ахиц боллоо.

    Жижиг, дунд бизнесийн банкны зах зээлд тэргүүлэгч байр суурийг хөгжүүлэх нь

    2025 онд “Жижиг, дунд бизнесийг дэмжигч банк” уриан дор Голомт банк Монгол Улсын эдийн засгийн тулгуур багана болсон бичил, жижиг, дунд бизнесүүдийг дэмжих олон жилийн тууштай зорилтоо дахин бататгалаа. Бид илүү гүн гүнзгий, урт хугацаанд үргэлжлэх чанартай түншлэлийг бүрдүүлэхэд чиглэн, бизнесийн өсөлтийг хурдасгах, санхүүжилтийн хүртээмжийг өргөжүүлэх, улс орон даяарх бизнес эрхлэгчдийг бодитоор дэмжих зорилготой цогц, зорилтот санаачилгуудыг амжилттай хэрэгжүүлэв. Эдгээр хүчин чармайлт нь тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн хөгжлийн үндэс нь хүчирхэг ЖДҮ эрхлэгчид гэдэгт итгэх манай байр суурийг илэрхийлж байна.

    Үүний үр дүнд бичил болон жижиг бизнес рүү чиглэсэн зээлийн багц 26 хувиар өсөж, бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн эрэлт идэвхтэй байгаагийн зэрэгцээ бидний тэдний хэрэгцээг тасралтгүй дэмжих тууштай байр суурийг илэрхийлж байна. Мөн ЖДҮ харилцагчдаас татан төвлөрүүлсэн санхүүжилт 24.3 хувиар өссөн нь Голомт банкийг зөвхөн санхүүжүүлэгч бус, урт хугацааны итгэлт түнш хэмээн бизнес эрхлэгчид үнэлж буйн тод илрэл юм. Бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл болзлыг оновчтой болгох, зээлийн хүсэлтийн процессыг хялбаршуулах, уян хатан санхүүжилтийн шийдлүүдийг нэвтрүүлэх замаар бид олон мянган бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа тэлэх, шинэ тоног төхөөрөмжид хөрөнгө оруулах, шинэ боломжийг эрэлхийлэх бодит нөхцөлийг бүрдүүлж өглөө.

    Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих нь манай стратегийн тэргүүлэх чиглэлийн нэг хэвээр байж, хүртээмжтэй өсөлтийн чухал хөдөлгөгч хүч болсоор байна. 2025 онд эмэгтэйчүүдийн эзэмшил, удирдлагатай бизнесүүдэд олгосон зээл 28.4 хувиар өссөн нь “Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжигч банк” санаачилгын хүрээнд хэрэгжүүлсэн бодлогын үр өгөөжийг тод харуулж байна. Санхүүжилтээс гадна бид чадавхжуулах ажлуудад онцгой анхаарч, сургалт, менторшип, харилцаа холбоог өргөжүүлэх хөтөлбөрүүдийг өргөн хүрээнд хэрэгжүүлэв. Үүний хүрээнд Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран Women Owned тэмдэглэгээг нэвтрүүлсэн нь онцлох алхам байлаа. Одоогийн байдлаар 90 гаруй байгууллага уг тэмдэглэгээг амжилттай хэрэгжүүлж, бизнесийн үйл ажиллагаандаа бодитоор ашиглаж байна. Түүнчлэн SheLeads санаачилга болон Менторшип хөтөлбөрөөр дамжуулан бизнес эрхлэгчдийг туршлагатай удирдагчидтай холбож, мэдлэг, туршлага солилцох үнэ цэнтэй платформыг бүрдүүлээд байна.

    Эдгээр цогц бодлого, санаачилгууд нь Голомт банкны зүгээс бизнес эрхлэгчдийг чадавхжуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, улмаар Монгол Улсын эдийн засгийн суурийг улам бэхжүүлэхэд чиглэсэн тууштай, урт хугацааны стратегийн хэрэгжилтийг тодорхой харуулж байна.

    Дижитал чадавх ба инновацид хийсэн хөрөнгө оруулалт

    2025 онд дижитал инноваци Голомт банкны стратегийн тэргүүлэх чиглэл хэвээр байж, харилцагчдын тав тух, үйл ажиллагааны үр ашиг, үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн технологийн хөрөнгө оруулалтуудаа бид тууштай үргэлжлүүллээ. Энэ хүрээнд бид Google Pay‑г Монголын зах зээлд амжилттай нэвтрүүлж, аюулгүй, хялбар төлбөрийн шийдлийг харилцагчдадаа санал болгосон. Мөн SocialPay платформоо цаашид хөгжүүлж, UnionPay картаар БНХАУ‑д WeChat QR төлбөр хийх боломжийг нэвтрүүлснээр хил дамнасан төлбөр тооцооны хүртээмж, тав тухыг бодитоор сайжрууллаа. Үүний зэрэгцээ бид салбарын сүлжээгээ орчин үеийн болгох ажлыг эрчимжүүлж, 66 салбарт өөртөө үйлчлэх киоск нэвтрүүлэн, ойролцоогоор 30 төрлийн уламжлалт үйлчилгээг дижитал платформд шилжүүлж, салбарын онлайн бүртгэлийн системийг амжилттай хэрэгжүүллээ. Эдгээр өөрчлөлт нь харилцагчдын хүлээлгийн хугацааг мэдэгдэхүйц бууруулж, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлсэн чухал ахиц боллоо.

    Эдгээр санаачилгын хүрээнд Голомт банк хиймэл оюун ухаан (AI) болон Generative AI‑д чиглэсэн стратегийн хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлж, салбарын сүлжээ, дижитал сувгууд болон дотоод үйл ажиллагаандаа дэвшилтэт шийдлүүдийг үе шаттайгаар нэвтрүүлж байна. Бид мобайл банк, SocialPay дижитал хэтэвч зэрэг сувгуудаар харилцагчид бүрт тохирсон AI туслах нэвтрүүлж эхэлсэн бөгөөд энэхүү шийдэл нь хэрэглэгчдэд хувийн санхүүгээ хянах, төсөв болон санхүүгийн төлөвлөгөө боловсруулах, төлбөрийн сануулга авах, хүссэн үедээ төлбөр хийх, санхүүгийн боловсролоо дээшлүүлэх боломжийг олгож байна. Мөн энэхүү экосистемийг AI‑д суурилсан контакт төвөөр бэхжүүлж, чатботын тусламжтайгаар банкны 30 гаруй төрлийн үйлчилгээ үзүүлэх, харилцагчдын асуултад шуурхай хариу өгөх, сэтгэл хөдлөлийн бүхий мэдрэмжийн (sentiment) шинжилгээг ашиглан хэрэглэгчийн туршлагыг тасралтгүй сайжруулах боломжийг бүрдүүллээ.

    Банк байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан бид инновацид тууштай хандах байр сууриа улам бататгаж, картын багцаа бүрэн шинэчилж, Universe картын цувралыг танилцуулсан. Хязгааргүй орон зай, цаг хугацааг бэлгэдсэн Universe картууд нь санхүүгийн ертөнцийг харилцагчдын гарт атгуулж, хаана ч найдвартай санхүүгийн хамтрагч байх зорилгоор бүтээгдсэн. Онцгой дизайнтайгаас гадна SocialPay болон Интернэт банкаар дамжуулан салбарт очихгүйгээр гүйлгээний лимит, сунгалт, шилжүүлгийг бие даан удирдах боломжийг олгосон нь хэрэглэгч төвтэй шинэчлэл байлаа. Дотоод болон олон улсын хэрэглээнд тохирсон, аюулгүй байдал, найдвартай байдлын дээд стандартыг хангасан Universe картууд нь дэлхийн картын чиг хандлагад нийцсэн, харилцагч төвтэй цогц бүтээгдэхүүн болж чадлаа.

    Эдгээр бүх санаачилга нь технологи, дизайн, инновацийг уялдуулан илүү ухаалаг, аюулгүй, харилцагч төвтэй банкны туршлагыг бий болгох Голомт банкны тууштай зорилтыг тодотгон харуулж байна.

    Тогтвортой хөгжил ба хариуцлагатай банк

    Голомт банкны хувьд нийгмийн хариуцлага, тогтвортой үнэ цэнэ бий болгох нь урт хугацааны стратегийн салшгүй хэсэг юм. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид хариуцлагатай банкны зарчим, хүртээмжтэй өсөлт, хамт олны сайн сайхныг дэмжих нийгэм, байгаль орчны олон талт санаачилгуудыг тууштай хэрэгжүүллээ.

    Монгол улсын “Усны элч” байгууллагын хувиар бид төр, олон нийтийн байгууллагуудтай хамтран Хөв цөөрөм байгуулах төслийг эхлүүлсэн. Энэхүү төсөл нь 16.9 мянган м³ багтаамжтай ус хуримтлуулах сан байгуулах бөгөөд Улаанбаатар хотын усны нөөцийг нэмэгдүүлэх, үерийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг сайжруулахын зэрэгцээ хөрс хамгаалалт, ногоон дэд бүтцийг дэмжих чухал ач холбогдолтой. Төслийн үр дүнд 3,191 өрх буюу 9,810 орчим иргэн үерийн болзошгүй эрсдэлээс хамгаалагдах бөгөөд агаарын чийгшил нэмэгдэж, тоосжилт буурснаар байгаль орчин, нийгмийн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэх юм. Байгаль орчны дэд бүтэц төдийгүй иргэдэд нээлттэй ногоон байгууламж бүхий олон нийтийн парк байгуулагдах нь тогтвортой, хүртээмжтэй хотын хөгжлийг дэмжих зорилготой.

    Манай байгаль орчны төлөөх амлалт Eco Heat Pump төслөөр дамжин айл өрхүүдэд шууд хүрч байна. Агаарын бохирдол ихтэй гэр хорооллын 300 айл өрхийг нүүрснээс татгалзан, эрчим хүчний хэмнэлттэй дулааны насосны шийдэлд шилжүүлэх уг төсөл нь жилд 840 тонн нүүрсний хэрэглээг бууруулж, 2,100 тонн CO₂ ялгаралтыг багасгах (95,000 орчим мод тарихтай тэнцэх) ач холбогдолтой. Байгаль орчноос гадна айл өрхүүдийн аюулгүй байдал, амьдрах нөхцөл, амьдралын чанарыг бодитоор сайжруулж буй нь тогтвортой санхүүжилтийн үнэ цэнийг илэрхийлж байна.

    Нийгмийн хүртээмж нь бидний хариуцлагын бодлогын гол тулгуур хэвээр байна. Үүний хүрээнд бид Equal Accessibility Trust ТББ тай стратегийн түншлэл байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санхүүгийн боловсрол, бизнесийн боломж, хүртээмжтэй санхүүгийн шийдлүүдийг өргөжүүлэхэд хамтран ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагаа нь анхны “Star of Trust” шагналаар үнэлэгдсэн нь бүх иргэнд тэгш, шударга үйлчилгээ үзүүлэх санхүүгийн системийг бий болгох бидний зорилтыг харуулж байна. Түүнчлэн Монголын Тусгай Олимпын хороо, Улаанбаатар Ротари клубтэй хамтран “Opportunities for All” төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байна.

    Мөн бид AI Academy Asia-г дэмжин, 2025-2030 оны хооронд хэрэгжих урт хугацааны санаачилгаар дамжуулан ирээдүйд бэлэн боловсрол, хүний нөөцийн хөгжилд хөрөнгө оруулж байна. Таван жилийн хугацаанд 2,500 AI мэргэжилтэн бэлтгэх зорилготой уг хөтөлбөрт улс даяар 3,998 оролцох хүсэлт гаргаснаас 500 багш сонгогдон гурван сарын эрчимжүүлсэн сургалтад хамрагдлаа. Голомт банк уг санаачилгыг санхүүгийн боловсролын сургалтаар дэмжиж, оролцогчдыг техник мэдлэгээс гадна санхүүгийн ур чадвартай болгохыг зорьж байна. Энэ хөтөлбөрөөр дамжуулан 10,000 гаруй сурагч хот, хөдөөгийн аль алинд AI-тай танилцаж, технологид суурилсан эдийн засагт бэлтгэгдэх юм.

    Бид залуу үе бол Монголын ирээдүй гэдэгт итгэдэг. Голомт банкны Оюутны тэтгэлгийн хөтөлбөр 2025-ын хүрээнд улсын хэмжээнд шилдэг 100 оюутныг тэтгэлгээр дэмжлээ. Энэхүү 21 жилийн түүхтэй хөтөлбөрөөр нийт 2,000 оюутанд 1.5 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгосон билээ.

    Залуучуудын хөгжил, эрүүл нийгмийг дэмжих хүрээнд Монголын Волейболын Холбоотой Алтан түншлэл байгуулж, багийн ажиллагаа, сахилга бат, тэсвэр хатуужил, манлайллын үнэт зүйлсийг спортын салбараар дамжуулан түгээн дэлгэрүүлж байна.

    Эдгээр санаачилгууд нь сайн засаглал, үйл ажиллагааны өндөр гүйцэтгэл, хүн төвтэй соёлыг улам тодотгож, Голомт банк нь “Best ToC Bank” шагналыг үндэсний зохицуулагч байгууллагууд болон Монголын Тогтвортой Санхүүгийн Холбооноос хүртсэн нь тогтвортой санхүүгийн тогтолцоог хөгжүүлэхэд манлайлан оролцож буйг баталж байна. Үүнийг Great Place to Work-ийн дөрөв дараалсан батламж болон олон улсын үнэлгээнүүд бататгаж байгаа билээ.

    Санхүүгийн салбарын хөрөнгө оруулалтаас гадна бид “Өв соёлын голомт” санаачилгын хүрээнд Монголын ШУА-ийн Археологийн хүрээлэн, Гандантэгчинлэн хийдийн Судалгааны хүрээлэнтэй хамтран 2022 оноос хойш археологийн судалгаа явуулж, 3,000 гаруй түүх, шинжлэх ухааны үнэ цэнтэй олдвортой учраад байна.

    Мөн “Зүрх мартахгүй” санаачилгад 2020 оноос хойш нийт 450 сая төгрөгийн дэмжлэг үзүүлээд байгаа нь нийгэмд чиглэсэн оролцооны илэрхийлэл юм.

    Эдгээр бүх санаачилга нь Голомт банк урт хугацааны байгаль орчин, нийгэм, эдийн засгийн үнэ цэнийг бий болгох, итгэлцлийг бэхжүүлэх, хамт олныг чадавхжуулах, Монгол Улсын тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулах тууштай байдлыг харуулж байна.

  • Ирээдүйн чиг буюу 2026 он ба түүнээс цааших

    Дэлхийн эдийн засгийн төлөв тодорхой бус байдал үргэлжлэн геополитикийн хурцадмал байдал нэмэгдсээр байгаа билээ. Гэвч уг нөхцөлд Монгол Улсын хувьд боломж, сорилт хосолсон шинэ орчин бүрдэхээр байна.

    Макро эдийн засгийн төлөв

    Монгол Улсын макро эдийн засгийн төлөв байдал ерөнхийдөө тэнцвэртэй хэвээр байгаа ч тодорхой эрсдэлүүдийг дагуулсаар байна.

    2026 онд бодит ДНБ-ий өсөлт 5.5-6.0 хувьд хүрэх төлөвтэй байгаа бол инфляц 7.4 орчим хувьд харьцангуй өндөр түвшинд хадгалагдах хүлээлттэй байна. Энэ нь нийлүүлэлтийн шалтгаант дарамт болон төсвийн тэлэлтийн бодлогын нөлөөлөл үргэлжилж байгааг илэрхийлж байна. Үүний зэрэгцээ уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлт, төрийн хөрөнгө оруулалтын үргэлжлэл, экспортын орчны сайжрал, гадаад орчны аажим тогтворжилт эдийн засгийн өсөлтийг дэмжих гол хүчин зүйлс хэвээр байна.

    Энэхүү төлөвийн гол хөдөлгөгч хүч нь Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нийт ₮42.3 их наядын санхүүжилт шаардсан 14 мега төслөөс бүрдсэн томоохон хөгжлийн хөтөлбөр юм. Эдгээр төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлж чадвал Монгол Улсын эдийн засгийн бүтцийг шинэ шатанд гаргах, үйлдвэрлэлийн төрөлжилтийг эрчимжүүлэх, ложистик ба эрчим хүчний хүчин чадлыг сайжруулах, урт хугацааны өсөлтийн суурийг бэхжүүлэх чухал нөлөө үзүүлэх боломжтой. Үүний зэрэгцээ Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт зэрэг томоохон уул уурхайн төслүүд экспортын орлого болон гадаад валютын урсгалын гол эх үүсвэр хэвээр байх төлөвтэй байна.

    Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл Монгол Улсын өсөлтийн суурь хүчин зүйлс-баялгийн нөөц, хөрөнгө оруулалтын урсгал, эдийн засгийн төрөлжилтийн чиг хандлага-цаашид хадгалагдах төлөвтэй байна.

    Банкны салбар ба мөнгөний бодлогын орчин

    2026 онд банкны салбарын үйл ажиллагааны орчин бодлогын чиг баримжаанд суурилсан, сахилга баттай хэвээр үргэлжилнэ.

    Инфляцын дарамт, ханшийн хэлбэлзэлд мэдрэмтгий байдал, түүхий эдийн зах зээл болон бүс нутгийн геополитикийн тодорхой бус нөхцөл байдал нь мөнгөний бодлогод нөлөөлсөөр байгаа бөгөөд энэ хүрээнд Монголбанк мөнгөний хатуу бодлогоо хадгалж, бодлогын хүүг одоогийн түвшинд ойролцоох хэмжээнд барих төлөв давамгайлж байна. Үүний үр дүнд зах зээлийн хөрвөх чадвар хязгаарлагдмал хэвээр байх бөгөөд зээлийн өсөлт өмнөх жилүүдтэй харьцуулахад саарах хандлагатай байна.

    Энэ нөлөө ялангуяа өрхийн сегментэд илүү тод илрэх төлөвтэй байж, макро зохистой бодлого, өрхийн өрийн дарамт өссөн байдлаас үүдэн зээлийн эрэлтийг хязгаарлаж эхлээд байна.

    Ийм нөхцөлд салбарын хэмжээнд зээл, хадгаламжийн өсөлт илүү тогтвортой, хязгаарлагдмал түвшинд шилжиж, активын чанар болон капиталын үр ашигт анхаарах чиг хандлага хэвээр үргэлжилнэ.

    Голомт банкны хувьд бид эрсдэлийн удирдлагын сахилга баттай бодлогоо тууштай хадгалж, чанартай, органик зээлийн өсөлтийг дэмжихийн зэрэгцээ эдийн засгийн стратегийн ач холбогдол бүхий салбаруудад чиглэсэн санхүүжилтийг үргэлжлүүлэн олгож, санхүүгийн тогтвортой байдлаа бататган ажиллана.

    Гадаад орчин ба түүний нөлөөлөл

    Гадаад орчин Монгол Улсын эдийн засгийн чиг хандлагыг тодорхойлох үндсэн хүчин зүйл хэвээр байна.

    Түүхий эдийн зах зээл өндөр хэлбэлзэлтэй хэвээр байх төлөвтэй бөгөөд коксжих нүүрсний үнэ 2025 оны түвшин буюу тонн тутамд ойролцоогоор 70 ам.долларын орчимд хадгалагдах хүлээлттэй байна. Харин зэсийн баяжмалын үнэ болон экспортын тогтвортой хэмжээ нь экспортын орлого, төлбөрийн тэнцэлд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэхээр байна.

    Гэсэн хэдий ч дэд бүтэц болон мега төслүүдийн хэрэгжилттэй холбоотой хөрөнгө оруулалтын зориулалттай импорт өндөр хэвээр байх бөгөөд энэ нь гадаад худалдааны тэнцэл болон валютын зах зээлд дарамт учруулсаар байх магадлалтай. Үүнийг гадаадын шууд хөрөнгө оруулалтын өсөлт тодорхой хэмжээнд тэнцвэржүүлэхээр байна. Дотоодын хувьд төсвийн зардал болон ногдол ашгийн хуваарилалт нь хэрэглээг дэмжих хэдий ч инфляцын дарамтыг, тэр дундаа хүнсний үнийн түвшинд, хэвээр хадгалах эрсдэлтэй. Хөдөө аж ахуйн салбар уур амьсгалын эрсдэлд мэдрэмтгий хэвээр байгаа нь үүнд нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг юм.

    Мөн эрчим хүчний нийлүүлэлтийн сүлжээтэй холбоотой геополитикийн нөлөөлөл түлшний үнэ, инфляц, цаашлаад макро эдийн засгийн тогтвортой байдалд чухал нөлөө үзүүлсээр байх болно.

    2026 оны бэлтгэл ба стратегийн чиглэл

    Хэдийгээр ийнхүү сорилтуудтай нүүр тулж болзошгүй ч 2026 он нь боломж болон сахилга бат хосолсон жил болох төлөвтэй байна.

    Макро эдийн засгийн тогтвортой байдал нь инфляц, төсвийн бодлого, гадаад худалдааны нөхцөлийн уялдаа холбооноос ихээхэн хамаарах юм. Үүний зэрэгцээ томоохон төслүүдэд чиглэсэн санхүүжилтийг үр дүнтэй татан төвлөрүүлэх нь дунд хугацааны өсөлтийн чиг хандлагыг тодорхойлох гол хүчин зүйл болох билээ.

    Голомт банкны хувьд бид энэхүү өөрчлөгдөж буй орчинд уян хатан, оновчтой, стратегийн тодорхой чиглэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж, харилцагчдаа тогтвортой дэмжихийн зэрэгцээ балансын бат бөх байдал, санхүүгийн сахилга батыг тэргүүнд тавин ажиллана. Үүний зэрэгцээ олон улсын зах зээл дэх оролцоогоо өргөжүүлэх зорилтын хүрээнд идэвхтэй бэлтгэл хангаж, дэлхийн санхүүгийн зах зээлтэй илүү гүнзгий харилцаа холбоо тогтоох суурийг шат дараатайгаар бүрдүүлж байна.

    2026 оны стратеги

    Манай стратеги нь урт хугацаанд тогтвортой үнэ цэнэ бүтээх зарчимд суурилсан хэвээр бөгөөд дараах үндсэн чиглэлүүдэд төвлөрч байна:

    • Олон улсын капиталын зах зээл дэх оролцоог тэлэх: Дотоод чадавхаа улам бэхжүүлж, Голомт банкийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн санхүүгийн байгууллага болгон байршуулна.

    • Жижиг, дунд бизнесийг дэмжих ба эдийн засгийн төрөлжилтийг ахиулах: Холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, санхүүжилтийн таатай орчныг бүрдүүлэх, уул уурхайн бус салбаруудыг дэмжих, тогтвортой өсөлтийг хангах зорилгоор санхүүжилтийг нэмэгдүүлнэ.

    • Харилцагчийн туршлагыг шинэ шатанд гаргах: VIP болон захиалгат үйлчилгээний хүрээг өргөжүүлж, хувь хүний санхүү болон хөрөнгийн удирдлагын шийдлүүдийг улам боловсронгуй болгоно.

    • Эрсдэлийн удирдлагын сахилга батыг хадгалах: Дотоод үйл ажиллагааг тасралтгүй сайжруулж, харилцагчийн сегментүүдийн оновчтой тэнцвэрийг хангахын зэрэгцээ активын чанар, зээлийн багцын гүйцэтгэлийг ханган ажиллана.

    • Компанийн засаглал, хөрөнгө оруулагчийн харилцааг бэхжүүлэх: Ил тод байдлыг нэмэгдүүлж, дотоод хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулах, мэдээллийн нээлттэй байдлыг өргөжүүлэх, олон улсын стандарт, шилдэг туршлагад нийцүүлэн үйл ажиллагаа явуулна.

    • Ногоон шилжилтийг дэмжих: Үйл ажиллагаа болон санхүүжилтийн хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах дунд, урт хугацааны зорилтуудаа хэрэгжүүлж, Монгол Улсын ногоон эдийн засгийн шилжилтэд бодит хувь нэмэр оруулна.

    • Хиймэл оюунд суурилсан виртуал банкны загварыг хөгжүүлэх: Хиймэл оюунд суурилсан стратегийг ашиглан хувь хүнд тохирсон санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, шийдвэр гаргалтыг сайжруулах, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх болно.

    Цаашид Голомт банк нь тогтвортой өсөлт, эрсдэлийн удирдлагын сахилга бат, санхүүгийн тогтвортой гүйцэтгэлийг ханган, бүх оролцогч талуудад үнэ цэнэ бий болгох зорилгоо тууштай хэрэгжүүлсээр байх болно. Харилцагчид, хөрөнгө оруулагчдаас бидэнд итгэл хүлээлгэж ирсэнд гүнээ талархал илэрхийлье. Ирэх жилүүдэд бид инновацыг эрчимжүүлж, хариуцлагатайгаар хүрээгээ тэлсээр байх болно.

    2026 оноос цааш

    Бидний үнэ цэнэ бүтээх хандлага урт хугацаанд чиглэсэн хэвээр байна.

    Голомт банкны хувьд үндсэн зарчим, үнэт зүйлс өөрчлөгдөөгүй. Бид богино хугацааны зах зээлийн савлагаанд тулгуурлан үйл ажиллагаагаа удирддаггүй. Харин эдийн засгийн өсөлт, бууралтын аль ч мөчлөгт хүний нөөц, систем, чадавхдаа тууштай хөрөнгө оруулалт хийх нь цаг хугацааны явцад бодит үр дүн авчирна гэж бид үздэг билээ.

    Голомт банкны амжилтын гол үндэс нь манай хамт олон юм. Тэдний мэргэжлийн ур чадвар, ёс зүй, хариуцлага нь бидэнд харилцагчдадаа итгэлтэй үйлчлэх, эрсдэлийг оновчтой удирдах, цаг үед нийцэн тасралтгүй хөгжих боломжийг бүрдүүлдэг.

    Санхүүгийн салбарын өөрчлөлтийн хурд эрчимжиж буй энэ үед бид илүү уян хатан, инновацлаг, ирээдүйг харсан байгууллага байх шаардлага улам бүр нэмэгдэж байна. Байгуулагдсан цагаасаа хойш Голомт банк Монголын банкны салбарын шинэчлэлийн манлайлагч байсаар ирсэн бөгөөд энэхүү инновацын сэтгэлгээ бидний ирээдүйг тодорхойлогч хэвээр байсаар байх болно.

    2026 оноос цааш бид Голомт банкийг илүү тэсвэртэй, ирээдүйд бэлэн, тогтвортой өсөлтийг бий болгох чадавх бүхий байгууллага болгон хөгжүүлэхэд анхаарах бөгөөд Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж, хувьцаа эзэмшигчдэдээ урт хугацааны үнэ цэнийг тогтвортой бий болгох нь бидний гол зорилт хэвээр байна.

Уг захидлын төгсгөлд Голомт банкны өнөөгийн амжилтад хувь нэмрээ оруулсан нийт ажилтнууд, эрхэм харилцагчид, хувьцаа эзэмшигчид, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, түнш байгууллагууд Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхний тууштай дэмжлэг, итгэл, хамтын ажиллагаа нь бидний хамтын амжилтын бат бөх суурь билээ.

Хүндэтгэсэн,
Одонбаатар Амарзаяа

Odonbaatar signature
  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (50%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ