Голомт банк олон улсын хөрөнгийн зах зээл дээр нээлттэй арилжаалагдах 3 жилийн хугацаатай, 7.95 хувийн купонтой ам.долларын бондыг Нью-Йоркийн хуулиар зохицуулагддаг 144A болон Reg S форматаар амжилттай гаргаж, Сингапурын хөрөнгийн биржид бүртгэснээр нийт 500 сая ам.долларын санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүллээ.
Арилжаанд хүлээн авсан нийт захиалгын хэмжээ 2.1 тэрбум ам.долларт хүрч, анх төлөвлөсөн хэмжээнээс 7 дахин давсан нь АНУ, Европ, Ази, Номхон далай болон Ойрх Дорнодын бүс нутгийг хамарсан 150 гаруй институтийн хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоог илтгэж байна. Мөн тус бонд нь Fitch Ratings болон S&P Global Ratings агентлагуудаас тус бүр B+ зээлжих зэрэглэлтэйгээр үнэлэгдлээ.
Хөрөнгө оруулагчдын шууд сонирхол, зах зээлээс ирсэн хүчтэй эрэлт хэрэгцээнд үндэслэн Голомт банк бондын нийт дүнг 500 сая ам.долларт хүргэх шийдвэр гаргасан нь уг бондын хоёрдогч зах зээлийн хөрвөх чадварыг сайжруулах, хөрөнгө оруулагчдын баазыг тэлэх, үнэ тогтоолт болон арилжааны чанарыг хадгалах зэрэг стратегийн чухал ач холбогдолтой алхам болсон юм. Бондын эцсийн өгөөж 2024 онд гаргасан анхны олон улсын бондын эцсийн өгөөжөөс 3.875 пунктээр буурсан нь Голомт банкны санхүүгийн суурь үзүүлэлтүүд, хөрөнгө оруулагчидтай ил тод, идэвхтэй, тогтвортой харилцаа өргөжүүлсний үр дүн билээ. Түүнчлэн цаашид банкны эх үүсвэр татах өртгийг бууруулах, санхүүжилтийн хугацааны бүтцийг уртасгах, эх үүсвэрийн оновчтой бүтцийг бүрдүүлэх урт хугацааны эерэг суурь нөхцөлийг бий болгож байгаа юм.
Тус бонд нь өмнө гаргасан бондын адилаар олон улсын нэр хүндтэй индексүүдэд хамрагдах боломжтойгоор бүтэцлэгдсэн бөгөөд 144A / Reg S форматаар гаргасан Голомт банкны хоёр дахь бонд гэдгээрээ онцлог болж буй юм. Энэхүү формат нь АНУ болон бусад хөгжингүй зах зээлийн институтийн хөрөнгө оруулагчдад шууд хүрэх боломжийг олгож, банкны олон улсын санхүүжилтийн суурийг улам бэхжүүллээ. Ийнхүү Голомт банк олон улсын зах зээл дээр нийт 500 сая ам.долларын бондыг 7.95 хувийн купонтой, өрсөлдөхүйц нөхцөлөөр ийнхүү амжилттай байршуулаад байна.
Арилжааны андеррайтераар JPMorgan, Deutsche Bank болон KGI зэрэг олон улсын зах зээлд нэр хүндтэй, томоохон хөрөнгө оруулалтын банкнууд ажилласан бөгөөд бондын бүтэц, үнэлгээ, хөрөнгө оруулагчдад чиглэсэн стратегийг мэргэжлийн өндөр түвшинд хэрэгжүүллээ.
Дэлхийн жишиг Монголын банк
