Удирдлага

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт харилцагчид, түнш байгууллагууд, хувьцаа эзэмшигчид болон хамтран ажиллагсад аа!

2017 онд Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтарсан Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр, төсвийн алдагдлыг бууруулах бодлогыг хэрэгжүүлсэн. Мөн дэлхийн зах зээл дэх түүхий эдийн ханш, экспортын бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэг хүчин зүйлсээс үүдэн эдийн засаг, банк санхүүгийн салбар эргэн сэргэсэн жил тохиолоо.

Энэхүү өсөлтийг олон улсын үнэлгээний байгууллагуудаас бататгаж, Мүүдис агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B3 болгон өсгөж, Фитч агентлаг хандлагыг эерэг болгон дээшлүүлсэн юм.

Голомт банкны үнэлгээ ч Монгол Улсын түвшинд хүрч урт хугацааны дотоодын валютаар татан төвлөрүүлсэн хөрөнгийн үнэлгээг Caa1  зэрэглэлээс B3,  BCA буюу суурь зээлжих зэрэглэлийн үнэлгээг Caa1  зэрэглэлээс B3, CRA буюу каунтерпарти эрсдэлийн үнэлгээг B3(cr)  зэрэглэлээс B2(cr) болгон ахиулж, хэтийн төлөвийг “тогтвортой” гэж үнэллээ. Мөн Голомт банкны өөрийн хөрөнгийн  хэмжээг B3 үнэлгээнд тохирохуйц тогтвортой хэмжээнд байна гэж Moody’s агентлаг үзсэн юм.

Үнэхээр ч 2017 он Голомт банкны хувьд санхүүгийн тогтвортой өсөлтөө хадгалсан, бизнес эрхлэгчдээ дэмжсэн, нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажлыг хэрэгжүүлсэн, үйл ажиллагаандаа томоохон дэвшил авчирсан жил байв.

Бид дэлхийн жишигт нийцсэн банк санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдадаа хүргэх зорилгоор Харилцагч төвтэй банк-2020 стратегийг үйл ажиллагаандаа нэвчүүлэн ажиллаж байна. Тус зорилтын хүрээнд “Харилцагч төвтэй салбарын бизнес модел” төслийг амжилттай хэрэгжүүлснээр банкны бүтэц, зохион байгуулалт, систем, хүн хүч, тоног төхөөрөмж зэрэг процессын шинэчлэлтийг бүрэн хийгээд байна. Үүний үр дүнд үйлчилгээний хурд 27, ажилтнуудын бүтээмж 30 хувь нэмэгдэж, цэвэр хүүгийн ахиуц 3.3 хувьд хүрлээ. Бид эх орныхоо өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд бизнес эрхлэгчид болон томоохон аж ахуйн нэгж гээд нийт 700.000 гаруй харилцагчдадаа арилжааны болон хөрөнгө оруулалтын банкны үйлчилгээг чанарын өндөр түвшинд хүргэж байна.   

2017 онд Голомт банк нь орон сууцны зээл олголтын 24 хувийг дангаар гүйцэтгэж, дотоодын картын зах зээлийн 60 хувийг дангаар эзэлсэн зэрэг амжилтаараа салбарынхаа хэмжээнд нэгт эрэмблэгдэж байна. Мөн тус онд банкны харилцах, хадгаламжийн хэмжээ 23 хувиар өссөн бол автомашины зээл олголт 6 дахин,  цалингийн зээл 55 хувь, иргэдийн зах зээлд эзлэх хувь 13 хувиар өсөөд байна. 

Голомт банк нь Монгол Улсын банк санхүүгийн салбарынхаа хөгжилд ямагт хурд нэмж ирсэн. 2017 онд ч энэхүү амжилтаа бататган ажилласан юм.

Техник технологийн хурдацтай хөгжил нь харилцагчдыг уламжлалт банкны үйлчилгээнээс дижитал бүтээгдэхүүн үйлчилгээ рүү хөтөлж, сошиал харилцааг илүүд үзэх болжээ. Иймд Голомт банк нь 2017 онд SocialPay Fintech үйлчилгээ, Facebook messenger-т суурилсан Chatbot зэрэг харилцагч төвтэй үйлчилгээг Монгол Улсад анхлан нэвтрүүллээ. Мөн иргэдийн хуримтлуулах зуршил, улс орны эдийн засгийг дэмжих зорилготой “Үндэсний хуримтлал”-ийн хөтөлбөрт 70 мянга гаруй харилцагч нэгдсэн нь харилцагчдын маань бидэнд өгсөн өндөр итгэлийн илэрхийлэл юм.       

Голомт банк 2016 онд алсын хараагаа “Дэлхийн жишиг Монголын банк” хэмээн тодорхойлсон. Энэхүү зорилтод хүрэхийн тулд ажилтнуудаа тасралтгүй хөгжүүлэхийн зэрэгцээ харилцагчдынхаа санхүүгийг боловсролыг дэмжиж, зөвлөх үйлчилгээг үзүүлж ирлээ. Мөн бид үйл ажиллагааныхаа бүхий л түвшинд байгаль орчинд ээлтэй, нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах зарчмуудыг тусган ажиллаж, Монгол Улсаас анх удаа НҮБ-ын Байгаль орчны сан (НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр-Санхүүгийн байгууллага)-ын идэвхтэй гишүүнээр элсээд байна.

Эрхэм хүндэт харилцагчид, хамтран ажиллагсад, түншүүд та бүхэндээ бидэнд хувиршгүй үнэнч сэтгэлээр өндөр итгэл хүлээлгэн, хамтран ажиллаж ирсэнд гүн талархал илэрхийлье.

Голомт банкны хоёр мянга орчим шилдэг банкирууд, харилцагч бүрийнхээ амжилтын төлөө нэр төртэйгээр хичээнгүйлэн  ажиллах болно. Мөн өөрийн ажилдаа чин сэтгэл, өндөр мэдлэг боловсрол, хичээл зүтгэлээ зориулан ажилладаг нийт Голомтчууддаа халуун талархлаа илэрхийлье.

2018 онд та бүхний ажил үйлс тань тэгш дүүрэн байж, амжилт бүтээлээр оргилон байхыг  хүсье!

 

Хүндэтгэсэн:

Гүйцэтгэх захирал Ө.Ганзориг