Банкны мэдээ, мэдээлэл

“ҮНДЭСНИЙ ХУРИМТЛАЛ” ШИЛДЭГ НИЙТЛЭЛИЙН УРАЛДААНЫ ЯЛАГЧИД ТОДОРЛОО

“ҮНДЭСНИЙ ХУРИМТЛАЛ” ШИЛДЭГ НИЙТЛЭЛИЙН УРАЛДААНЫ ЯЛАГЧИД ТОДОРЛОО
2016.11.28

Монгол Улсын  үндэсний хуримтлалын хэмжээ 28 хувьтай бол Катарт 62, Кувейтэд 56, Хятадад 50 хувьтай байна. Тодруулбал, Монголын хүн амын дийлэнх нь ямар ч хуримтлалгүй гэсэн үг бөгөөд хуримтлалтай Монголчуудын 83 хувийнх нь дансан дахь мөнгө нэг сая төгрөг ч хүрэхгүй байгаа юм.

Иймд Голомт банк нь олон нийтэд хуримтлалын ач тусыг ойлгуулах, сурталчлах зорилгоор хэвлэмэл сонин сэтгүүл болон цахим хуудсын сэтгүүлчдийн дунд “Үндэсний хуримтлал” шилдэг нийтлэлийн уралдааныг зарласан билээ.

Тус уралдаанд Өнөөдөр, Зууны мэдээ, Засгийн газрын мэдээ, Ардчилал, Монголын үнэн, Улстөрийн тойм, Өдрийн сонин зэрэг өдөр тутмын сонин хэвлэл болон www.wikimon.mn, www.zaluu.com, www.mnb.mn зэрэг сайтын нийт 21 сэтгүүлчийн 28 бүтээл ирсэн байна. Уралдаанд ирүүлсэн бүтээлийг шинэлэг санаа, бүтээлч байдал, практик ач холбогдол, судлагдсан байдал, бичлэгийн ур чадвар зэрэг шалгуур үзүүлэлтэд үндэслэн Голомт банкны эдийн засагчид болон МСНЭ-ийн төлөөлөл хамтран шалгаруулсан юм.

Уралдааны ялагчаар www.dorgio.mn сайтын сэтгүүлч С.Будрагчаа “Үндэсний баялгийг бүтээсэн нь” нийтлэлээрээ тодорч  батламж, 3 сая төгрөгийн шагналыг гардан авлаа. Харин “Өдрийн сонин”-ы эдийн засгийн албаны сэтгүүлч Ц.Баасансүрэн “Нарантуулын тэрэгчнээс Зуун айлын портерчин болсон хорин жил” нийтлэлээрээ дэд байрт шалгарч 2 сая төгрөг, батламжийн эзэн болсон бол гуравдугаар байрт “Нийслэл guide” сэтгүүлийн ерөнхий редактор Ж.Баярхүү “Хуримтлалаараа үүргэвчтэй аялах уу?” нийтлэлээрээ 1 сая төгрөгийн шагналын эзэн болсон юм.

Ингээд “Үндэсний хуримтлал” уралдаанд  идэвхитэй оролцож, шилдэг бүтээлээ сойсон нийт уран бүтээлчиддээ гүн талархал илэрхийлэхийн ялдамд, үзэг нь хурц, үг нь уран байхын ерөөлийг дэвшүүлж, хүн ардыг соён гэгээрүүлэх үйлсэд нь өндөр амжилтыг хүсье.

Дашрамд дурьдахад Голомт банк нь Үндэсний хуримтлалын хөтөлбөрт нэгдсэн нийт 45.000 гаруй харилцагчиддаа Монголын банк санхүүгийн салбарын хамгийн өндөр өгөөж болох 20 хувийн урамшууллыг олгож байна.