Эдийн засгийн мэдээлэл

МОНГОЛЫН “ГОЛЛАНД ӨВЧИН”

МОНГОЛЫН “ГОЛЛАНД ӨВЧИН”
2016.8.20

Манай орны нийт экспортын 91 хувийг нүүрс, зэс, төмрийн хүдэр, түүхий нефть, ноолуур, алт, цайр гэсэн 7-хон нэр төрлийн бүтээгдэхүүний экспорт бүрдүүлж байна. Үүнээс 87 хувь нь цэвэр уул уурхайн экспорт байгаа юм. Өөрөөр хэлбэл экспортын төрөлжилт гэдэг зүйл манай оронд байхгүй байгааг тод харж болно. Төрөлжилтгүй байна гэдэг нь ихээхэн эрсдлийг араасаа дагуулах болно. Тухайлбал дэлхийн зах зээл дээрх түүхий эдүүдийн үнэ төлөвлөсөн хэмжээнээс буурах, экспорт гаргалтад хүндрэл учрах, нефтийн бүтээгдэхүүний үнэ болон импортын тасалдалттай холбоотой уул уурхай, бизнесийн үйл ажиллагаа удаашрах зэрэг сөрөг нөхцөл байдлууд бий болвол манай орны экспорт бүхэлдээ хүнд байдалд орох эрсдлийг хэлж байгаа юм. Уул уурхайн олборлолт нь экспортын орлого, төсвийн орлогыг үлэмж хэмжээнд нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг ихээхэн тэтгэдэг. Мөн их хэмжээгээр гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татаж, үндэсний мөнгөн тэмдэгтийн бусад валюттай харьцах ханшийн үнэ цэнийг нэмэгдүүлж чангарахад хүргэдэг байна. Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш чангарах нь бусад экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг бууруулах сөрөг нөлөө үзүүлдэг.

 

Гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн 2010 онд 1.7 тэрбум .ам.доллар байсан бол энэ оны эхний 8 сарын байдлаар л гэхэд 2.5 тэрбум ам.долларт хүрээд байна. Ийм нөхцөл байдал нь төгрөгийн ханшийг чангарах хүрэлцээтэй нөхцөл болох боловч гадаад худалдааны алдагдал уул уурхайн импорттой холбоотойгоор нэмэгдсээр байгаа нь төгрөгийн ханш бага зэрэг сулрах нөхцлийг одоо бүрдүүлээд байгаа билээ.  

Голланд өвчний өөр нэг нөлөөлөх суваг бол ажиллах хүчний шилжилт байдаг. Хөдөлмөр гэдэг нь үйлдвэрлэлийн чухал нэгэн хүчин зүйл болдог билээ. Ялангуяа манайх шиг хүн ам цөөнтэй улсад үйлдвэрлэл явуулахад ажиллах хүчний дутагдал ихээхэн үүсдэг. Ямар сайндаа гадаадаас хүн авчирч ажиллуулдаг. Хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрийн үнэ нь цалин хөлс байдаг. Монгол улсад одоо цалингийн түвшин дунджаар 430 мянган төгрөг байна. Энэ нь жилд 26 хувиар өссөн үр дүн юм. Хамгийн өндөр цалин хөлстэй эдийн засгийн салбарууд бол санхүүгийн (дундаж цалин - 850 мянган төгрөг) болон уул уурхайн (дундаж цалин - 750 мянган төгрөг) салбарууд байна. Харин өсөлтийн хувьд аваад үзэхэд санхүүгийн салбарын цалингийн өсөлт жилд 17 хувь байхад уул уурхайн салбарын цалингийн өсөлт 45 хувьтай байна. Өөрөөр хэлбэл уул уурхайн салбар нь хөдөлмөрийн хөлсний өсөлтөөр дамжуулан ажиллах хүчнийг бусад салбаруудаас татаж өрсөлдөх чадвар, үйлдвэрлэлийн өсөлтийг нь буурахад хүргэдэг.

 

Тайлбар: Төгрөгийн бусад гадаад валюттай харьцах ханшийн бодит утга, төгрөгийн үнэ цэнэ, монгол орны өрсөлдөх чадварыг илэрхийлэх нэг чухал үзүүлэлт бол төгрөгийн бодит үйлчилж буй ханш. Энэ нь дотоод гадаадын үнийн түвшин, валютын ханшийн өөрчлөлтийг багтаасан үзүүлэлт юм. Сүүлийн үед уг индекс өсөх хандлагатай болсон нь монгол орны гадаад зах зээл дээрх өрсөлдөх чадвар өсч байгааг илэрхийлдэг. Төгрөгийн үйлчилж буй бодит ханш өсөх буюу төгрөг чангарах нь импортлогчдод ашигтай, учир нь гадаад зах зээл дээрх бараа бүтээгдэхүүнийг илүү хямдаар худалдан авах боломж үүснэ, нөгөө талаас экспортлогчдод ашиггүй байдаг. Бодит үйлчилж буй ханш өсөх нь дотоодын үйлдвэрлэл буюу эдийн засгийн өсөлтийг бий болгоход чухал ач холбогдолтой. Үүнтэй зэрэгцээд импортын барааны үнэ бага байх ба ингэснээр инфляцийг буурах чиглэлд нөлөө үзүүлдэг билээ. Гэхдээ уг үзүүлэлт нэмэгдэх тусам манай орон “Голланд өвчин”-д илүү ойртож байгаагийн дохио гэж хэлж болно. “Голланд өвчин”-ийг эмчлэх арга бол уул уурхайгаас бусад салбаруудын үйлдвэрлэл, экспортыг дэмжих гэсэн бодлогын хувилбарууд л байдаг.