Эдийн засгийн мэдээлэл

Мөчлөг дагасан бодлого

Мөчлөг дагасан бодлого
2016.8.20

Монгол Улсын Засгийн Газраас УИХ-д ирэх 2012 оны улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийг өргөн бариад байна. Ирэх жилийн төсөв нь сонгуулийн бүрэн эрхийн хугацааны сүүлийн жилийн төсөв гэдгээрээ их онцлог. Товчхон авч үзвэл нийт орлого, тусламжийн дүн 6.4 их наяд төгрөг, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн дүн 7.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39.5 хувьтай тэнцүү байх хэмжээнд тооцоод байна. Ингэснээр нэгдсэн төсвийн нийт алдагдал 700 орчим тэрбум төгрөг буюу ДНБ-ий 4.1 хувьтай тэнцэхээр байна. 2011 оны төсвийн төслөөр нийт зарлага 4.1 их наяд төгрөгөөр батлагдаж байсан бол ирэх онд 70 гаран хувиар нэмэхээр тооцоод байгаа нь энэ билээ. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 53 хувиар, төрийн албан хаагчдын цалинг 400 мянгаас 600 мянган төгрөг хүртэл, амлалтын мөнгийг гүйцээн олгоно гэхчлэн өндөр өсөлт бүхий зарлагын төслийг оруулаад байна.

 

Улсын төсөв хэр хэмжээтэй батлагдсан ч гол нь төсвийн тогтвортой байдлыг хангах ёстой. Тогтвортой байдал гэдэг нь эдийн засаг халж байх үед аль болох халалтыг дэврээхгүйн үүднээс төсвийн хумих бодлого явуулах, хямарч байх үед нь эдийн засгийг сэргээх үүднээс төсвийн зөөлөн бодлого явуулахыг ерөнхийд нь хэлнэ. Үүнийг эдийн засагчид “Мөчлөг сөрсөн бодлого” хэмээн тодорхойлдог билээ. Мөчлөг сөрсөн бодлого авч хэрэгжүүлэх нь зохистой гэж хэлж болно. Үүнийг бид өөрсдийн өнгөрсөн жишээнээс тодорхой харж болдог.

Жишээлбэл, 2008 онд алт зэсийн үнийн өсөлттэй холбоотойгоор төсвийн орлого их хэмжээгээр нэмэгдсэн. Энэ нь голчлон алт зэсийн үнийн гэнэтийн өсөлтөөс авдаг “Гэнэтийн ашгийн татвар”-тай холбоотой байлаа. Ямар ч тогтворжуулалтын бодлого хэрэгжээгүй, шууд орлогынхоо хэмжээгээр зарлагаа төлөвлөж байсан үе билээ. 2008 оны төсвийн төсөлд нэг тонн зэсийн үнийг 7500 ам.доллар байхаар тусгасан хэдий ч тухайн оны эхний 3-н улиралд дунджаар 8000 ам.доллар байснаа, 4-р улиралд нь 2 дахин буурч дунджаар 4000 ам.доллар болсон нь нэгэнт тэлчихсэн байсан төсвийг эргээд хумихаас өөр аргагүй байдалд хүргэж, хямралын үед эдийн засгийг бүр ч илүү хүнд байдал руу түлхсэн билээ. Хамгийн өндөр инфляцитай, мөнгөний нийлүүлэлт хумигдаж, хямрал эхлэн, мөнгө хэрэгтэй байсан энэ үед улсын төсөв даган хямарч, мөнгөгүй болсон байсан. Үүнийг мөчлөг дагасан буруу бодлого байсан гэж товчхон дүгнэж болно. Мөнгө илүүдсэн үед нь цуглуулаад хэрэгтэй үед нь зарцуулах хэрэгтэй.

 

2009 онд зэсийн үнэ 3000-д хүрсэн, инфляци 4.2% болж буурсан, эдийн засгийн өсөлт 1.3%-иар буурсан, энэ үед төсвийн орлогын эх үүсвэр багасч төсөв хумигдаж эхэлсэн. Уг хямралын үед банкны салбарт ихээхэн эрсдэл бий болж банкны актив, зээл олголт, зээлийн чанар, мөнгөний нийлүүлэлт буурсан. Монголбанкны зүгээс эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлого явуулах ёстой байсан хэдий ч санхүүгийн зах зээлийн цөм болсон банкны секторыг хохирол багатай авч гарах зорилгоор бодлогын хүүгээ 14%-д хүргэж байсан удаатай. Бодлогын хүү өсөх нь эдийн засгийн өсөлтийг улам сааруулах боловч, банкны салбарыг авч үлдэх нь илүү чухал ач холбогдолтой байжээ. Харин төсвийн бодлогын хувьд ямар ч тогтворгүй мөчлөгийг дагасан бодлого явуулсан нь хүмүүсийн амьжиргаанд сөрөг нөлөөг үзүүлсэн юм. Хямралын үед эдгээрийн мөчлөг бүгд уруудсан чиглэлтэй болох нь харагддаг. Алт зэсийн үнэ өндөр болсон үед гэнэт орж ирсэн харьцангуй их хэмжээний орлогыг төлөвлөгөө муутай зарцуулж, харин орлого нь буурахаар нийгмийн хамгаалал, хөтөлбөрүүдийг зогсоох, төсвийн байгууллагын зарлагыг багасгах, томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс татгалзах зэрэг шийдэл нь эцэстээ иргэдийн төрд итгэх итгэлийг алдагдуулж, ирээдүйн талаарх хүлээлт муу байх үр дүнд хүргэдэг билээ.

 

Макро эдийн засаг (ДНБ), мөнгөний (банкуудын зээл) болон сангийн бодлогын (төсвийн зарлага) мөчлөгийг доорхи зурагт харуулав. 2001 оноос хойш мөнгө сангийн бодлого нь үргэлж эдийн засгийн мөчлөгөө дагаж байсан дүр зураг харагдаж байна. Ирэх онд ч мөн ялгаагүй эдийн засаг багагүй хувиар өсөх хүлээлттэй байна. Энэ үед 2012 оны төсвийг дээрх их хэмжээнд батлах гэж байгаа нь бас л эдийн засгийн мөчлөгөө дагаж байгааг харж болно.

 

Төсвийн зарлага, орлогыг их хэмжээтэй батлах нь маш их эрсдэлтэй. Учир нь төсвийн орлого төлөвлөж байснаас хамаагүй бага байвал бид өрөнд орно. Засгийн газрын өрийг ард иргэд л төлдөг. Хэрвээ зэсийн үнэ буураад, нүүрс болон төмрийн хүдрийн олборлолт, экспортод хүндрэл гараад улсын төсөв орлогын гол эх сурвалжаа алдчихвал яах вэ? бэлэн мөнгө тараагаад байхаар хүмүүсийн эрэлт нэмэгдэж, импортыг дэмжин, үнийн өсөлт 10-аас дээш хувьд хүрчихвэл яах вэ? гэх мэт муу эрсдэлүүд бий болно. Улсын төсвийн төслийн тооцоог хэдий зөв гэж бодож болох ч тооцоо судалгаа гэдэг үргэлж бодит үнэн байдаггүй, харин эдийн засгийн ирээдүйг харахын тулд өнгөрсөн, өнөөгийн байдлаа дахин нэг харж, чиглэлээ зөв тодорхойлох шаардлагатай болов уу.

 Д.НЯМДАВАА